НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛЫН ЭЗНЭЭР АНГЛИЙН ЗОХИОЛЧ ШАЛГАРЛАА

Нобелийн нэр хүндтэй шагналын эзэд тодорч байгаа талаарх мэдээг бид үзэгч танд интернэт мэдээгээрээ хүргэж байгаа. Өчигдөр Нобелийн утга зохиолын салбарын шагналтныг Стокгольм дахь Шведын шинжлэх ухааны академиас нэрлэжээ. 2007 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналтнаар Английн зохиолч Дорис Лессинг шалгарсан байна. Дорис Лессинг 1949 оноос эхлэн өөрийн зохиол бүтээлээ хэвлүүлж эхэлжээ. Иранд төрж, Африкт ажиллаж амьдарч байсан Дорис дорно өрнийн соёл урлаг, хүн төрөлхтний ахуй байдал зэргийг зохиол бүтээлдээ шингээн, хүний сэтгэлийн чавхдсыг тун нарийн мэдэрч бичдэг байсан учраас утга зохиолын салбарт нилээдгүй амжилттай зохиолчийн тоонд багтдаг юм. Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртсэн тухайгаа Дорис шинжлэх ухааны академийн гишүүдээс биш харин хэвлэл мэдээллийнхнээс гэрийнхээ үүдэнд анх дуулсан байна. Учир нь түүн рүү утас цохиж дэлхийд нэр хүндтэй шагналын эзэн болсныг нь дуулгах үед Дорис гэртээ байгаагүй, харин дэлгүүрт хүнснийхээ зүйлсийг цуглуулахаар явчихсан байжээ. Гэртээ эргээд ирэхэд нь энэхүү мэдээг дуулсан хэвлэлийнхэн хэзээний гэрийнх нь үүдэнд ирж, шагналтныг анаж байсан байна. Түүнд сэтгүүлчид баяр хүргэхэд хүртэл Дорис юунд баяр хүргэж байгааг төсөөлөө ч үгүй байсан гэнэ. Дараа нь хэвлэлийнхэнд баяртай мэдээ дуулгасанд талархахдаа Дорис түүний нэр Нобелийн утга зохиолын шагналд бараг 30 жил нэр дэвшсэн ч ингээд авчихна чинээ бодоогүй гэдгээ ярьжээ. Зохиолч Дорис Лессинг 1952-1969 оны хооронд Хүчирхийллийн хүүхдүүд нэртэй 5 цуврал ном, 1979-1983 онд Аргосын канопус нэртэй уран зөгнөлт цуврал ном гаргаж байжээ. Түүний 1962 онд бичсэн Алтан тэмдэглэл романыг феминист уран зохиолын сонгодог бүтээл гэж үздэг байна. Зохиолч 1988 онд “5 дахь хүүхэд” нэртэй бүтэл туурвисан нь багагүй амжилт олж, шуугиан тарьж байжээ. Түүнчлэн 90-ээд онд өөрийн хоёр дурдатгал номоо хэвлүүлсэн байна. Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Дорис Лессингт шагналыг нь бусад шагналтнуудын нэгэн адил ирэх 12-р сарын 10-нд Стокгольмд болох ёслолын ажиллагааны үеэр гардуулна. Нобелийн шагналыг 10 сая Швед кроны мөнгөн шагнал дагалдах юм. /ТВ-5-аас/

No comments: