Сэтгэл санааны тавгүй байдлаасаа хэрхэн гарах вэ?



Тааламжгүй яриа, түвэгтэй маргаан, бүтэлгүй болзоо, ажил төрлийн бүтэмжгүй байда л гээд л ер нь аливаа азгүй явдал бүхэн БИДНИЙ сэтгэл санааг тавгүй болгодог. Тэгвэл сэтгэл санааны дарамт, тавгүй байдлаасаа гарахад тань туслая.Английн сэтгэл судлаач Натали Роджерсийн боловсруулсан Арт - эмчилгээ гэж нэрлэсэн сэтгэл заслын хялбархан арга танд тайвшрах, сэтгэл санааны тэнцвэрээ олж ухаарахад тань тусалж чадна.


Та ширээнийхээ ард тухлан суугаад харандаа, эсвэл фломастер, мөн цэвэрхэн хуудас цаас ав. Хэдэн хором нүдээ аниад биеэ чагна. Одоо цаасан дээрээ зураас, өнгийн дүрс гээд ямар ч хамаагүй хийсвэр зүйл зурж эхэл. Тэгэхдээ хамгийн гол нь зурж байгаа юмаа бодолгүйгээр санаандаа орсныг л зурах хэрэгтэй. Энэ нь таны сэтгэл санааны байдал, чөлөөт сэтгэмжийн илэрхийлэл байх ёстой. Та зүүн гараараа зурахыг хичээгээрэй. Тэгвэл зураг чинь ямар нэг сэдэвгүй, илүү хийсвэр болно. Зурж байхдаа сэтгэл санааг чинь зовоож байгаа зүйлийн талаар аль болохоор их бодон, өнгөө сонгож, зүрх сэтгэл чинь юу гэж тушааж байна, яг түүгээр нь зураасаа татахыг хичээгээрэй. Ингэхдээ сэтгэл санааг чинь зовоож байгаа зүйлээ бүгдийг нь гадагшлуулж цаасан дээр буулган сэтгэлээ онгойлгож байгаагаар төсөөл. Цаасаа дүүртэл, цаасан дээр чинь сул зай үлдэхгүй болтол зур. Цаас чинь зурах зайгүй болсон ч, сэтгэл чинь тайвшраагүй бол дахиад нэг хуудас цаас аваад зурж эхлээрэй. Сэтгэл санаа чинь тайвширсан хойноо л зурахаа больж болно.
Одоо дахиад нэг хуудас цэвэрхэн цаас аваад сэтгэл санааны байдлаа илэрхийлэх хэдэн үг бичээрэй. Удаан битгий бодоорой. Таны бичих үг чөлөөтэй байх ёстой. 20 үг ч байж болно, 3 үг ч байж болно. Энд хэдэн үг бичих нь чухал биш. Харин эдгээр үгс зөвхөн таны сэтгэл зүрхний угаас л ундарсан байх ёстой. Цаашаа бичмээргүй санагдвал бичихээ боль. Танд бага зэрэг ядарсан, сэтгэл санаа чинь хоосон болсон юм шиг санагдах болно. Та сэтгэл санааныхаа байдлыг цаасан дээр буулгасан. Харин одоо зураг зурсан цаасаа аваад, сэтгэл ханамжтайгаар ураад, хогийн саванд хая. Тэр ч байтугай хүсвэл шатааж ч болно. Ингээд л боллоо. Та одоо сэтгэл санааны тавгүй байдлаасаа салсан. Тэр чинь зураг болон хувираад алга болсон. Дашрамд хэлэхэд үг бичсэн цаасаа ч гэсэн урж, шатааж хаяж болно шүү дээ
Гэхдээ “эмчилгээ” хараахан дуусаагүй байна. Танд дахин нэг зураас татах үлдсэн. Та амьдралдаа тохиолдсон хамгийн аз жаргалтай, гэрэл гэгээтэй үйл явдлыг эргэн сайтар санахыг хичээ. Хэзээ энэ явдал болсон, жилийн ямар улирал байсан, таны дэргэд, эргэн тойрон ямар хүмүүс байсан, ямар дуу чимээ, үнэр мэдэрч байсан гэх мэтчилэн болсон явдлыг бүгдийг нь сайтар санахыг хичээ. Санав уу? Харин одоо дахиад нэг хуудас цэвэрхэн цаас аваад түүн дээрээ (дахиад зүүн гараараа) хүссэн өнгөө сонгон, хийсвэр дүрсүүд зурж эхэл. Цаасаа дүүртэл нь, зураг зурах зайгүй болтол нь зур. Хуудсаа эргүүлээд ар талд нь тэр аз жаргалтай мөчид таны сэтгэл санаа ямар байсныг илэрхийлэх үгсийг бич. Зурсан зургаа нүдэнд ил харагдахаар газар тавиад /өлгөөд/ хэд хоногийн турш аль болохоор олон харЭнэ арга огтхон ч хэцүү биш, хүн бүр чадахаар байгаа биз. Тэр ч байтугай таны сэтгэл санааны тавгүй байдал үүрд таньтай үлдэх юм шиг санагдаж байсан ч гэсэн дээр дүрслэн бичсэнээр зурах гэж оролдоод үзээрэй. Сэтгэл санааны тавгүй байдлыг чинь цаас “шингээгээд авсан” юм шиг болохыг та мэдрэх болно. Танд сайн сайхныг хүсье.

No comments: